Хотоос зайдуу house-д амьдрахад тулгардаг асуудлууд

 Хотоос зайдуу хаус сонирхож байгаа хүмүүст:

Утааны улирал эхлэхээр зусланд байшингүй хүмүүс байшинтай болж утаагүй орчинд амьдрах талаар боддог. Манай гэр бүл мөн ялгаагүй хүүхдүүдээ утаанаас хол байлгахыг хичээж 3 дахь хаусаа түрээслэж байгаагийн хувьд өөрийн анзаарсан зүйл, зөвлөмж бичье. Хэрэгтэй нэгэнд хэрэг болох бизээ. 

1. 4 улирлын байшин барих эсвэл худалдаж авах гэж байгаа бол байршлаа сайн тооцоллох.

Бидний өмнөх байшин түрээсийн зориулалттай баригдсан жижгхэн, хажуудаа 3 хөрш айлтай таунхаус маягийн байшин байв. Олон хөрш солигдсоор, тогтмол байдаг нь ганц манайх. Шинэ хөрш ирээд удаан амьдрах болтой баахан тавилга нүүлгэж авчраад л угийн хамаг юмтайгаа байшинг улам тохижуулж бсанаа сар хүрэхгүй за энэ холоос ажил сургуульд явна гэж худлаа юм байнаа гээд утааруугаа нүүгээд явчна. Тэхээс ч өөр аргаггүй. Гадаад шиг хурдны замтай биш. Үлдсэн ганц хөрш маань түрээсээ төлөөд байгаа мөртлөө хагас бүтэн сайнд хааяа нэг ирнэ. Түрээс төлж байгаа мөртлөө ирэхгүй байхад төлдгүй өөрийн байшиндаа үзэгдэдгүйг гайхах зүйлгүй. Манай эргэн тойронд байх 10 айлаас тогтмол байдаг нь ганц хоёр. Одоо байгаа түрээсийн байшин 52 айлтай хотхон. Тогтмол байдаг нь 4-5. 

2. Газар аваад байшин барих гэж байгаа бол ганцаараа байж чадах үгүйгээ тооцох. Дээрхтэй холбоотойгоор олон айлтай хотхон л биш бол шөнө орой болоход хөрш айлууд эзгүй байгаа нь харагдаад, ганц хоёроороо эмэгтэй хүмүүст эвгүй. Ялангуяа дээвэр дээр юу нь мэдэгдэхгүй юм түчигнэх үед. Манай хөрш эмэгтэй энэ шалтгаанаас болоод нүүж билээ. Тиймээс уулын мухарт,модны захад ганц байшин барих гэж байгаа бол бодолцох.  

3. Байшин удаан эзгүй байхаар элэгдэнэ. Байшин түрээслэх гэж буй хүмүүст зөвлөхөд "жигдрүүлсэн байшин"-г түлхүү сонирхох. Эздүүд нь өөрсдөө жил амьдарч үзээгүй, харахад гоё шинээрээ байшингууд яс юман дээр их асуудалтай байдаг. Кабелийн утас нь яагаад ч юм тасарцан, байшингийн гадаа бор огтоно гүйгээстэй ( байнга байдаг айлууд нь огтоно үргээгч тавчихаар эзэнгүй айлруу нүүдэг), бохир үнэртэх гм. Хүн амьдраад тордоод л байвал байшин асуудалгүй болно уу гэхээс эзгүй байлгаад  байвал нэг очиход чинь нэг юм нь болохоо байцан байна. Шугам хоолойгоо хөлдөөхгүй нь тулд өвөлдөө очихгүй ч байнга тогны мөнгө төлнө гээд арчилгаа нэмэлт зардал байнга гарна. 

4. Ер нь эцсийн дүгнэлт манай Монголд хаус гадаад шиг дийлэнх иргэдийн үндсэн гэр нь болтол хол санагдсан. Гол асуудал нь дэд бүтцээ шийдээгүй, ирж очих зам нь асуудалтай, цэвэр бохироо дур дураараа шийдэцгээсэн. Явж явж тухтай амьдрахад хотын байр шиг 00 хамгийн чухал. Гэтэл тэрбумын үнэтэй хаус хүртэл бойлертой гэхээр инээдтэй санагддаг. Хотын байр шиг гэр бүлийн гишүүд дарааллаж усанд орж болохгүй, за нэг нь ваннд ус тавиад орчуул жинхэнэ дуус дуус. Бойлер доторх халуун ус дуусах нь тэр дээ. Тэгээд жоохон хүлээх хэрэг гарна. Бохир их асуудалтай. Бохирын шугам халаагуур гээд ярьвал их юм бий. За тэгээд хамгийн аймар нь өвөл орой харанхуй хүйтэнд тог тасрах. Дулаан,ус,бохир бүх юмаа тогоор шийдсэн байшинд удаан тасарвал байх аргаггүй болно. 

Утааны талаар бичвэл тусдаа сэдэв. Ер нь бол хотоос 60км явж байж утаагүй цэвэр агаар шүү гэж эмч нарын хэлдэг үнэн юм билээ. Хотын ойролцоо хаус авах гэж байгаа бол утаатай өдөр сайн явж харахгүй бол хэцүү дээ. Утаагүй шахуу газрууд байхгүй биш байгаа. 

За тэгээд хаус түрээслэж үзээд улам ойлгосон зүйл гэвэл утаанаас зугтаад хотоос зайдуу амьдрах гэтэл ажил, сургууль цэцэрлэгтээ баригдаад хотдоо түгжрээд амьдраад байгаа нь эцэг эхчүүдийн буруу биш аргаггүй байдал юмаа. Энд тэнд ийм олон үхмэл хөрөнгө байлгахгүйн тулд гадаад шиг улсаас нь дэд бүтцийг нь шийдээд цэгцтэй хотхонууд бариулмаар юм даа.

Comments

Popular posts from this blog

Надад нөлөөлсөн улс орнууд 2-р хэсэг

Залуус дүү нартаа өгөх зөвлөмж