Надад нөлөөлсөн улс орнууд
1. Миний хамгийн анх хилийн дээс алхсан улс бол Орос улс юм. Тэнд би анх амьтаны хүрээлэн үзэж, МкДоналдс, банана, тоор зэргийг идэж үзэж билээ. Гадаа орос хүүхдүүдтэй тоглоод л, анхны сурсан гадаад хэл маань орос хэл болсон юм. Нэг орос эмээ надад Ольга гэдэг орос нэр хүртэл өгч байв. Сургуулийн нас болоход Орос сургуульд орж тус улсын хэл соёлтой улам гүнзгий танилцсан билээ. Ийм ч учраас яах аргаггүй орос дуу, хоол гээд бүх юманд дуртай. Бага насны сайхан дурсамжуудын маань томоохон хэсэг яах аргаггүй энэ улстай холбогддог болохоор дэлгэрүүлж бичвэл их юм бий. Орос улсыг надтай ойртуулсан хүн бол нагац эгч маань гэдгийг дурьдах нь зүйтэй.
2. Дараагийн нөлөө бүхий улс бол нөгөө хөрш маань болох Хятад. Энэ улс миний хилийн дээс алхсан хоёр дахь улс болсон юм. Жижгхэн охин байсан би том том дэлгүүрт урд хожид харж бгаагүй гоё тоглоомнууд харж бсанаа санадаг. Тэндээс авсан хүүхэлдэйн байшин одоо хүртэл надад бий. Сүүлд их сургуульд орохдоо Бээжинд сурсанаар тухайн улстай бүр нягт холбогдсон. Хятадад сурч бхдаа Өвөр Монгол уу, Ар Монгол ч манай нэг хэсэг бсан ш дээ гм дорд үзсэн хандлагыг байнга сонсож мэдэрч бсанаас болсон уу хятадуудаас нэг л харшилтай болсоноо нуух юун. Дэлхийн бусад оронд хаана ч явсан хятадууд тааралддаг. Намайг хятадаар яриад эхэлмэгц, гайхах юм алга Монголчууд бүгд хятадаар ярьдаг уу гм асуултад дарагддаг тул энд тэнд хятадуудтай тааралдахаараа хятадаар ярихаасаа цэрвээд байдаг. Үүнээсээ болоод олон боломж алдав уу даа, би хэт хүндрүүлж эмзэглээд байна уу гэж хааяа боддог. Гэхдээ яахав ээ, улсын тусгаар тогтнол гэж юу байдгыг ойлгодог боловсролтой хэдэн хятад найзууд байхгүй биш байгаа. Зарим хятадуудын тиймэрхүү хандлага ихэд эмзэглүүлдэг ч оюутан нас минь тэнд өнгөрсөн болохоор дуртай байсан идэх юм, хэсэх дуртай байсан дэлгүүр, дуртай дуучин, кино, ТВ шоу (үнэндээ ихэнх нь Хонг Конг, Тайванийх), аюулгүй тав тухтай оюутны хотхон гээд таалагддаг зүйлс байсан ба сайхан дурсамж болон үлджээ.
3. Дараагийн улс бол Солонгос.
Өсвөр насанд Орос, Америк, Англи, Япон гм дуучдаас гадна сүүлд нь К-Pop буюу Солонгос хамтлаг сонсож эхэлсэн. Удалгүй Бээжинд сурахаар болж тэнд гадаад оюутнуудын 70% нь Солонгос байсан тул яалтчгүй олон Солонгос найзуудтай болсон. Өсвөр насны сайхан дурсамжуудын нэг яах аргаггүй тэдэнтэй өнгөрүүлсэн хөгжилтэй мөчүүд байдаг. Хятад, япончуудыг бодвол солонгосчууд цагийг яаж зугаатай өнгөрүүлэхээ мэддэг, арай элгэмсүү, нээлттэй хүмүүс шиг санагддаг байсан. Мөн тэдний нөлөөгөөр Солонгос хоолонд дуртай болж, Хятадад сурч бгаа мөртлөө Солонгост байгаа мэт байнга солонгос хороололд очиж солонгос хоол иддэг байв. Харин хожим аав маань Солонгост эмчлүүлэхэд солонгосчуудад талархах эсвэл гомдохоо мэдэхгүй байдалд орсон. Хэзээ нэг өдөр Солонгост очвол аав минь бодогдоод уйлах юм шиг санагддаг. Гэгээлэг хөгжилтэй сэтгэгдэл үлдээсэн байсан солонгос эмзэг сэдэв болж хувирсан гэх үү дээ.
Үргэлжлэл бий...
Comments