Надад нөлөөлсөн улс орнууд 2-р хэсэг
Надад нөлөөлсөн дараагийн улс бол Америк улс юм.
4. Гучин нас гарсан хойноо анх удаа энэ улсад хөл тавьсан ч намайг 8 настай байхад аав маань ажлааар Америк явж, 9 настай байхад нагац эгч маань Америк нөхөртэй болсоноор тус улсын хэл соёлын зах зухаас мэдэрч эхэлсэн юм. Америк хүргэн ах сүүлийн үеийн кинонууд авчирч Зул сарын баярыг нижгэр тэмдгэлдэг байв. Зурагтаар гарсан Америк кино үзэж байгаад кинон дээрх охиныг дуурайж анх удаа өдрийн тэмдэглэл бичиж эхэлж билээ.
Өсвөр насанд ангийнхан дунд маань Backstreet boys-г мэдэдгүй хүүхэдгүй, миний хамгийн анхны худалдан авч байсан касет Mariah Carey байлаа. Гэртээ ганцаарааг үзэж гэрт маань хулгайч орж ирээд би тэднийг ингэж чадах юмсан гэх гэнэн бодол орж ирнэ. Ийнхүү Америк дуу хөгжим киногоор манай үеийн ихэнх хүүхдүүд амьсгалж байсан үе.
Алс холын Америкт хэзээ нэгэн цагт хөл тавих хүсэлтэй байсан надад Америкт амьдран суугаа дүү болон нагац эгчийндээ зочлох урилга ирсэн ч визэнд татгалзсан хариу авч итгэж чадахгүй уйлж билээ. Ингээд Америк улс надад хар тамга дарсан хоёр дахь улс болсон. Гэхдээ "болох ёстой юм цаг нь ирэхээр болдог' гэгчээр надад хар тамга дараад байсан улс сүүлд визний ярилцлагад ороход хоёрхон асуулт асуусан болоод визийг маань хурдан шуурхай гаргаж, аяллын бүх зардлыг маань дааж, очиод байрлах байр хоолны мөнгө тэр байтгуай транзит хийх хооронд нисэх буудал дээр зарцуулах мөнгө хүртэл өгсөн юм даа. Би мэргэжилтэн солилцох хөтөлбөрт тэнцээд явсан маань тэр юм. Очоод энэ улс яагаад бусад улсад ийм нөлөөтэй байдгийг нүдээр хараад илүүтэй мэдэрсэн дээ.
5. Бага байхдаа Италийн алдартай дуэт хос болох Аль Бано, Ромина Пауэрын дууг даган дуулж байхдаа хожим энэ улсад аялана, нагацын талынхан маань энэ улстай холбогдоно гэдгийг яахан мэдэх билээ. Намайг 13 настай байхад Италид амьдардаг нагац эгч маань урилга явуулж зуны амралтаа далайн эрэг дээр өнгөрүүлнэ гээд бөөн догдлол байж байтал виз гардгүй Бээжинд нэг сар гацав. Энэ хооронд Бээжин хоттой сайтар танилцаж дараа нь энэ хотод суралцахад нөлөөлсөн үйл явдал байсныг тухайн үедээ мэдээгүй. Италируу 13 настайдаа яваагүй ч хожим 26 настайдаа аав ээжтэйгээ аялсан маань мартагдашгүй сайхан дурсамж болон үлджээ.
Нагацын талын маань 3 нь ч гэр бүл Италид амьдарч байсан бөгөөд одоо хоёр үеэл маань тэнд амьдарсан хэвээр байгаа тул энэ улсын мэдээ тасардаггүй юм.
Comments